03 сарын 08 (Даваа)
Улаанбаатар 4oC (Багавтар үүлтэй)
Дархан 7oC (Багавтар үүлтэй)
Багануур 6oC (Багавтар үүлтэй)
Ханбогд 12oC (Багавтар үүлтэй)

Тахианы эр дэгдээхэйг бөөнөөр нь устгах явдлыг хориглосон дэлхийн анхны улс Герман болно

2021-01-21
Тахианы эр дэгдээхэйг бөөнөөр нь устгах явдлыг хориглосон дэлхийн анхны улс Герман болно

Шувууны аж ахуйд эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй гэж үзээд өндөгнөөсөө гараад удаагүй тахианы эр дэгдээхэйг бөөнд нь устгадаг.

 

Өндөг гаргадаггүй, бага мах өгдөг гэсэн үндэслэлээр эр дэгдээхэйнүүдийг эмээс нь ялгасны дараа устгалын машинд оруулдаг байна.

Тэгвэл Герман улсын засгийн газар өчигдөр энэхүү харгис явдлыг хориглох хуулийн төслийг дэмжжээ. Хэрвээ Германы парламент уг хуулийн төслийг баталбал тус улс дэлхийд анхдагч болох юм.

2022 оноос хориг хэрэгжиж эхлэх ба үүнийг “амьтны эрхийг хамгаалахад гарсан том алхам” гэж Германы хөдөө аж ахуйн сайд Юлия Клёкнер онцолжээ.

Жил бүр Германд олон арван сая эр дэгдээхэйг устгадаг.

Амьтны эрхийг хамгаалагчид энэ аргыг хориглохыг эртнээс шаардаж байсан бол фермерүүд үүнээс өөр үр дүнтэй арга байхгүй гэж тайлбарладаг.

Харин одоо Германы нэг компани өндгөнд ямар хүйсний дэгдээхэй бойжиж байгааг тодорхойлдог технологи боловсруулсныг фермерүүд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой гэж засгийн газар нь үзэж байна.

Тус компани лазерын гэрлээр өндгөнд жижиг нүх үүсгэж, түүгээр авсан шингэнийг шинжлээд хүйсийг тодорхойлдог болжээ. Энэ тохиолдолд зөвхөн эм дэгдээхэйнүүдийг өндөгнөөс нь гаргаж, бусдыг нь хүнсэнд хэрэглэх боломжтой болох юм.

Германы Шувууны Аж Ахуйн Холбоо засгийн газрынхаа санаачилгыг “асуудлыг бүрэн шийдэж чадахгүй” гэж шүүмжлээд шинэ хууль зах зээлд өрсөлдөх чадварыг нь бууруулах эрсдэлтэйг анхааруyлжээ.

Герман, Франц хоёр улсын эрх баригчид 2021 оны сүүлээр дэгдээхэйг устгадаг явдлыг бүрмөсөн зогсоох тохиролцоог 2020 оны нэгдүгээр сард хийж байв.

Францын хөдөө аж ахуйн сайд Дидиер Гилльём 2021 онд багтаж, Германы жишгийг дагахаа амласан байна.

Европын орнуудаас Швейцарь улс өнгөрсөн оноос эхлэн эр дэгдээхэйнүүдийг махны машинд оруулж устгахыг хориглож, оронд нь хорт хийгээр устгахыг зөвшөөрдөг болжээ.

Өндөгнөөсөө гарсан дэгдээхэйг 72 цагийн дотор тэр дор нь зовлонгүй үхүүлэх арга хэрэглэх чиглэлийг Европын Холбоо 2009 онд гишүүн орнууддаа өгч байсан юм.

 

Эх сурвалж: AFP

Мэдээний сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uurhai.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.

Сэтгэгдэл үлдээх