07 сарын 23 (Мягмар)
Улаанбаатар 19oC (Бороо)
Эрдэнэт 18oC (Бороо)
Дархан 20oC (Бороо)
Багануур 19oC (Бороо)
Ханбогд 32oC (Үүлшинэ)

Бичил уурхайчид хуримтлалаараа 107.1 га газрыг нөхөн сэргээжээ

2017-02-15
Бичил уурхайчид хуримтлалаараа 107.1 га газрыг нөхөн сэргээжээ

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо /МБУНДХ/ 2013 онд үүсгэн байгуулагджээ. Төрийн ордонд зохион байгуулсан анхдугаар хуралдаанд 14 аймгийн 26 сумын 270 төлөөлөгч оролцсон түүхтэй. Тэдний 207 нь хувиараа ашигт малтмал олборлогч, 63 төлөөлөгч нь орон нутгийн удирдах албаны хүмүүс байжээ. Одоогоор 15 аймгийн 45 сумын 67 Төрийн бус байгууллага, 6200 гишүүн тус холбоонд албан ёсоор нэгдээд байна.

Олон нийт буюу энгийн иргэдийн зүгээс бичил уурхай эрхлэгчид болон нинжа нарыг өөр хооронд нь ялгаж салгаж чаддаггүй. Бүгдээрэнг нь нинжа гэж ойлгодог. Эсвэл бүгдээрэнг нь бичил уурхай эрхлэгч гэж нэрлээд байдаг. Гэтэл бичил уурхай эрхлэгчид Ашигт малтмал, газрын тосны газраас албан ёсоор газраа хүлээн авч, хүлээлгэж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль журмыг биелүүлж, нөхөн сэргээлт хийдэг аж. Харин нинжа нар хаанаас ч ямар ч зөвшөөрөл авдаггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, тэр ч байтугай нөхөн сэргээлт хийсэн талбайг дахин ухаж сэндийлдэг, техникжсэн бүлэглэл байдаг. Энэ алдаа дутагдлаа засахыг хичээдэггүй. Тэгсэн мөртлөө цагдаад баригдах ч юм уу машин техникээ хураалгах зэрэг өөрсдөд нь ямар нэгэн асуудал тулгарсан үед гэв гэнэт “Танай холбоонд элсэе” гэж утас цохьдог. Тиймээс ийм хүсэлтийг хүлээж авар боломжгүй гэдгээ МБУНДХ-ны сургалт, олон нийтийн хөгжлийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл хэлж байна.

   МБУНДХ нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг сургаж чадавхижуулах, бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, нөхөн сэргээлт, бичил уурхайн сайн туршлагыг бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх, бичил уурхайчдыг өөр ажлын байранд шилжүүлэх төсөл хөтөлбөрт хамруулах, зуучлах, олборлосон бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг аль болох албажуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ажлын үр дүн эхнээсээ гарч одоогоор 107.1 га газарт бичил уурхайчид хуримтлуулсан мөнгөөрөө нөхөн сэргээлт хийжээ. Харин 210 га газарт хамтын санхүүжилтээр буюу Азийн сан, орон нутгийн дэмжлэгээр нөхөн сэргээлт хийсэн байна.

Гэхдээ энэ нь бас орон нутгийн удирдлагуудаас хамааралтай асуудал болж хувирах нь бий. Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд бичил уурхайн зориулалтаар 10 талбай гаргах ёстой. Гэтэл энэ талбай дээр бодит байдал дээр нэг л бичил уурхайчныг ажиллуулдаг. Бусад нь бичил уурхайн нэрийг барьж байгаа ч үнэндээ орон нутгийн удирдлагуудын ах дүү,төрөл садан гэх мэтээр ямар нэгэн холбоо сүлбээтэй хүмүүс байх тохиолдол ч бий гэнэ. Тиймээс бичил уурхай дахь хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор МБУНДХ Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ ажлынхаа хүрээнд Хүний эрх хөгжил төвтэй хамтран МБУНДХ-ны 2015-2018 оны хүний эрхэд суурилсан нөлөөллийн стратеги төлөвлөгөөг гаргажээ.