Ж.БАТСУУРЬ: УС ТҮГЭЭХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ МАШ ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БУЙ Ч ҮНИЙГ ТОГТВОРТОЙ ТӨВШИНД ТОГТООЖ БАЙГАА

БОДЛОГО

-Нэг ус түгээх байр сард 150 мянган литр ус борлууллаа гэж үзэхэд орлого нь 300 мянган төгрөг болно. Энэ орлого нь зөвхөн ус түгээх байрт ажиллаж байгаа хүний сарын цалинд хүрэхгүй-

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурьтай хэрэглэгчдэд хүрч буй усны чанар, үнэ тарифын талаар ярилцлаа.

-Манай улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын  болон аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийн үнэр танар, хүчин чадал зэрэг асуудал олон жил яригдаж ирсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Манай улс төв,  суурин газарт хэрэглэсэн  усыг бохир усны  шугам сүлжээгээр цэвэрлэх байгууламжид  татан авч цэвэрлээд байгальд эргэж нийлүүлэх  технологи  ашиглаж байна. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг Ус сувгийн удирдах газар ашиглаж хариуцан ажилладаг.  Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж  хүлээж авсан усныхаа бохирыг нь шүүж лагийн талбайд хадгалаад  усыг нь  цэвэрлэж байгальд нийлүүлдэг. Нэг үгээр хэлбэл ийм хоцрогдсон технологи ашиглаж байгаа тул бохир  үнэртэх явдал газар авсан.  Сүүлийн жилүүдэд лагийн талбайг  үнэрийг нь дарах,  хуримтлагдсан лагийг бордоо, хөрс  болгох зэрэг үйл ажиллагаа эрчимтэй явуулж байна.   Үүнээс гадна Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгаа. Тэгээд 2024 онд ашиглалтад оруулахаар тооцож байгаа юм билээ. Гэхдээ БХБЯ, төслийн удирдах баг  хариуцан ажиллаж байгаа тул би ажлын явц ийм, тийм гэж ярих бололцоогүй. Барилгын ажил эрчимтэй өрнөж 50 хувьд хүрч байгаа гэж ойлгож байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар зарим  аймагт цэвэрлэх байгууламж шинээр барьж байгаа. Тухайлбал, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дундговь аймгуудад цэвэрлэх байгууламж шинээр барьж байна. Үүнээс одоогийн байдлаар  Булган, Хэнтий, Архангай,  Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийнх ашиглалтад орсон. Дорноговь аймгийнх удахгүй ашиглалтад орно. Эдгээр нь орчин үеийн технологитой цэвэрлэх байгууламж. Өөрөөр хэлбэл гарсан лагийг боловсруулж цаашид бордоо болгож ашиглах боломжтой. Ер нь өндөр төвшний цэвэрлэгээтэй, амьд бактери үржүүлж бохир усаа цэвэршүүлэх технологи ашиглах үйлдвэрүүд юм. Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийг Европын холбооны хөрөнгө оруулалтаар өргөтгөж байна. 

-Тэгвэл танай зөвлөлийн хувьд ямар чиг үүрэг хүлээж  ажилладаг вэ?

-Манай байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газрын зохицуулах байгууллага. Хот суурин газрыг ундны усаар хангаж байгаа, орон сууцны нийтийн аж ахуйн ашиглалт үйлчилгээг хариуцаж буй мэргэжлийн байгууллагуудыг  эгнээндээ нэгтгэдэг.

 2011 оны аравдугаар  сарын 06-ны өдөр шинэчлэн баталсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2012 оны  хоёрдугаар сарын 15-ны өдрийн 46,  тавдугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолын дагуу “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл” үүсгэн байгуулагдсан. Зөвлөлийн үйл ажиллагаа нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй хэрэглэгчийн төлөөлөл, салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий бие даасан, хараат бус хамтын удирдлагын байгууллага юм. Аймаг, сумын төв, Улаанбаатар хотын дүүргүүдийн ундны ус, болон цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг хариуцдаг  төрийн болон хувийн хэвшлийн орон сууцны конторууд, 20 үйлчлэх төвийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Орон сууцуудын  ашиглалт  хариуцсан диспетчерийн үйлчилгээтэй. Иймд  сантехникийн мэргэжлийн хүмүүс дуудлагаар очиж цэвэр,  бохир усны байгууламжуудад засвар үйлчилгээ хийх чиг үүрэгтэй ажилладаг.   Мөн аймгийн төвүүдийн ус олборлон  түгээж байгаа газрууд зэрэг байгууллагууд манай байгууллагаас тусгай зөвшөөрөл авч, эндээс баталсан үнэ тарифаар усаа олборлож, түгээдэг.  Жишээ нь Улаанбаатар хотын хувьд Ус сувгийн удирдах газар нийслэлийн хэрэгцээний ундны усыг олборлон ариутгал халдваргүйжүүлэлт хийж байж түгээдэг.

Ингэж түгээсэн усыг орон сууцны конторууд дүүрэг, хороолол орон сууцны ашиглалтыг хариуцаж гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг. Ус сувгийн удирдах газраас бөөний үнээр усаа авч, айл өрх аж ахуйн нэгжид тогтоосон жижиглэнгийн үнээр үйлчилдэг юм. Манай зөвлөлөөс 200 гаруй байгууллага тусгай зөвшөөрөл авч нийт Монгол Улсын хот, суурин газрын унд ахуйн усны хангамж, бохир усыг татан зайлуулах ажлыг хариуцдаг. Жишээ нь шугам сүлжээгүй гэр хорооллын айл өрхөд ус түгээх байруудаар дамжуулаад хэрэглэгчдэд үйлчилж байна. Ингэхдээ 80 гаруй хувьд нь зориулалтын автомашинаар цэвэр ус тээвэрлэн хүргэдэг.  

-Танай байгууллага  хэрэглээний усны үнэ тариф тогтоодог гэж та яриандаа дурдлаа. Тэгвэл иргэд усны үнэ нэмэгдлээ  хэмээн бухимддаг. Үнэ тарифыг хэрхэн тогтоож байна вэ?

-Усны үнийг нутаг дэвсгэрийн зарчмаар тогтоох бодлого баримталдаг. Бүх аймаг  Ус сувгийн нийтийн аж ахуйн газартай. Энэ байгууллага ямар хэмжээний шугам сүлжээ, технологи ашиглаж хэрэглэгчдэд ямар зардлаар ус нийлүүлж байгааг харгалзан үзэж бид үнэ тогтоодог. Жишээлбэл, Говь-Алтай аймаг маш холоос буюу Гэгээн нуур гэдэг газраас 50 км шугам сүлжээгээр ус татан цэвэршүүлээд  хэрэглэгчдэд нийлүүлдэг. Энэ бол мэдээж өндөр зардалтай. Гэвч  орлогоороо зарлагаа нөхөх зарчимтай ч бид  олон талын судалгааны үндсэн дээр аль болох амьдралд ойр байдлаар үнэ тогтоодог.

Үүнээс гадна хот, суурин газрын гэр хорооллын ус түгээх байрууд ихээхэн алдагдалтай ажиллаж байна. Өнөөдөр ус түгээх байрууд хэрэглэгчдэд нэг литр усыг  1-3 төгрөгийн үнээр нийлүүлж байгаа. Тухайлбал,  Улаанбаатар хотод нэг литр ус нэг төгрөг байсныг энэ оны нэгдүгээр  сарын 1-нээс эхлээд хоёр төгрөг болгосон. Нийтийн аж ахуйн байгууламжууд маш их хэмжээний газар шорооны ажил хийж шугам сүлжээ барьж байгуулдаг. Эдгээрийг засварлах, солих шаардлага байнга гардаг. Гэтэл шугам сүлжээнд ашиглаж буй ган хоолойн үнэ сүүлийн үед асар их нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл өндөр өртөг зардлаар хэрэглэгчдэд ус түгээж байна шүү дээ. Үүн дээр цахилгааны зардал маш өндөр гардаг. Ус олборлох, шахах насосоос эхлээд цахилгаанаар ажиллана. Өртөг зардал ийнхүү өдөр тутам шахуу нэмэгдээд байхад бид үйлчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэхгүй бол цэвэр усаа хэрэглэгчдэд хүргэж өгч чадахгүй байдалд орно шүү дээ. Ер нь төрөөс, Улаанбаатар хот, аймгуудын захиргаанаас гэр хороололд ус түгээхэд гарч буй зарим алдагдлаа  даадаг.  Засгийн газрын ийм тогтоолтой. Гэтэл зарим аймаг үүнийг нөхөж өгдөг. Мөн нөхөж өгч чаддаггүй аймаг ч бий.

-Тэгвэл гэр хороололд байгаа ус түгээх байрт хүргэж буй таван тонн усны зардал хэдэн төгрөгийн алдагдалтай байна вэ?

-Ер нь 2020-2021 онд усны үнэд өөрчлөлт ороогүй. Таван тонны багтаамжтай автомашинаар наад зах нь 10, 20 км зам туулж ус түгээх байрт хүргэж байгаа усыг өнөөдөр Улаанбаатар хотод 10 мянган төгрөгөөр л борлуулж байна.   Гэтэл зөвхөн  энэ усыг хүргэж буй автомашины зарцуулж буй шатахууны зардлыг аваад үзвэл  10 мянган төгрөг биш шүү дээ. Хамгийн бага даа л  20-30 мянган төгрөг болно. Үүн дээр түгээлтийн жолооч болон  ус түгээх байрт ажиллаж буй хүний цалинг бодоод үзвэл зардал улам л нэмэгдэнэ гэсэн үг. Нэг ус түгээх байр сард 150 мянган литр ус борлууллаа гэж үзэхэд орлого нь 300 мянган төгрөг болно. Энэ орлого нь зөвхөн ус түгээх байрт ажиллаж байгаа хүний сарын цалинд хүрэхгүй. Мөн Улаанбаатар хотод нийтийн аж ахуйн шугам сүлжээгээр буюу орон сууцанд хүргэж буй нэг литр усны үнэ 1.07 төгрөг байсан. Одоо 1.30 төгрөгөөр хүргэж байна. Тэгэхээр ямар ч аргаар бодоод үзсэн ус түгээх  төрийн үйлчилгээ маш их алдагдал хүлээж  хэрэглэгчдэд хүрч байгаа юм.

-Тэгэхээр нэг литр ус хэдэн төгрөг болж байж алдагдалгүй ажиллах юм бол. Алдагдалгүй ажиллах ёстой гэсэн зарчмаар усны үнийг нэмбэл иргэд эсэргүүцэж бухимдах юм байна даа?

-Ер нь ус шиг хямдхан бүтээгдэхүүн  алга. Зардал маш их өсөж байна. Ялангуяа бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нэмэгдэх тусам ажил үйлчилгээний зардал дийлдэхгүй боллоо. Жишээ нь өнөөдөр дэлгүүрт борлуулж буй 500 мл-ээр  савласан ус 1000  төгрөг хүрчихсэн.  Тэгвэл нэг литр нь 2000 төгрөг болно гэсэн үг биз. Гэтэл бид айлын крантаар стандартад нийцсэн хүнсэнд хэрэглэх зориулалтын усны  нэг литр тутмыг 1.30 төгрөгөөр  хүргэн өгч байгаа. Ингээд бодвол  2000 мянган төгрөгөөр 1.6 тонн орчим ус авах нь. Бид ус олборлон түгээж буй аж ахуйн нэгж, хэрэглэгчийн тэнцвэрт харьцааг харгалзан үзэж аль болох бага үнэ тогтоох зарчим баримталж байгаа нь энэ шүү дээ. Нэг ёсондоо аль алиных нь эрх ашгийг тооцон үздэг гэсэн үг. Нийслэл болон орон нутагт ажиллаж буй Ус сувгийн байгууллагууд төрийн болон орон нутгийн мэдэлд байдаг хуультай. Ийм учраас томоохон хөрөнгө оруулалтыг төрөөс, олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр хийдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, ажиллах хүчний гээд бүх зардлыг тооцож үзнэ гэвэл ойр, наана үнэ тариф тогтооход хэцүү. Жишээ нь усны чанарын судалгаагаар Дундговь аймагт  олборлож буй ус магни агууламж ихтэй гэж гарсан. Иймд үүнийг стандартад  нийцүүлэхийн тулд шүүх төхөөрөмж байршуулж байна. Дорнод аймагт төмрийн найрлага стандартаас хэт их давсан ус олборлодог. Тэгэхээр кварцын элсээр шүүж төмрийн агууламжийг бууруулж байж хэрэглэгчдэд хүргэх ёстой. Ингээд кварцын элс 120 кг-ыг хойд хөршөөс энэ зун авлаа. Дахин хэлэхэд энэ  мэтчилэн маш өндөр өртөг зардлаар хэрэглэгчдэд ус нийлүүлж байгаа юм. Үүнийг ард иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Нөгөө талдаа усаа аль болох ариг гамтай хэрэглэхийг уриалж байна. Бид өрхийн орлого, худалдан авах чадвар гээд нийгэм, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдэд тулгуурлаж үнэ тогтоож байгаа. Үүнээс гадна тухайн аж ахуйн байгууллагуудын ус олборлож буй байдлыг харгалзан үзэхээс өөр арга байдаггүй. Тодруулбал, зарим аймгууд  холоос ус олборлож шугам сүлжээгээр татан авдаг. Ер нь ус олборлох процесс тийм амар хялбар биш л дээ. Татаж авсан усаа тусгай санд төвлөрүүлээд цэвэршүүлэх нь их өндөр өртөг зардалтай  ажил юм. Ийм учраас Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт усны үнийг харилцан адилгүй тогтоодог. Мөн орон сууцны конторууд мөн л диспетчерийн дуудлагын үйлчилгээ, орон сууцанд аалзны тор шиг сүлжсэн шугамын засвар, гэмтлийг хариуцан ажилладаг. Энэ  нь бас л өндөр өртөг зардал шаарддаг.

-Бохир усыг аваад үзье. Арьс ширний болоод химийн бодис ашигладаг үйлдвэрүүд ус хамгийн их бохирдуулж байна гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Арьс ширний үйлдвэрүүд,  томоохон эмнэлгүүд, химийн бодис ашигладаг үйлдвэрүүдээс  химийн урвалж бодис, нян бактериар бохирлогдсон ус гардаг. Өөрөөр хэлбэл айл өрх, ахуйн хэрэглээний бохир уснаас илүү бохирдсон байдаг. Монгол Улс ийм усыг цэвэрлэх технологи, стандарт бий. Энэ зааврын дагуу  тухайн байгууллагуудад урьдчилан цэвэрлэх төхөөрөмж байх ёстой. Үүгээр сайтар цэвэршүүлсний дараа энгийн цэвэрлэх байгууламж руу шилжүүлэх  учиртай юм. Гэвч энэ асуудал 1990 оноос хойш алаг цоогтой явж ирлээ.

Тухайлбал, “Харигаа”  цэвэрлэх байгууламж үйлдвэрүүдээс гарсан бохир усыг цэвэршүүлдэг байсан. Гэтэл зарим үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологи нь доголдоод асуудал бэрхшээл гарч байна. Өнөөдөр уг асуудлыг ХХААХҮЯ хариуцах ёстой.

-Улс орнууд цэвэр усны хэрэглээний асуудалд ихээхэн анхаарал хандуулдаг.  Тэгвэл бохир усыг байгальд ээлтэй болгох, цэвэршүүлэх, дахин ашиглах талаар ямар ажлууд хийж байна вэ?

-Дэлхийн олон улс орнууд “Нойлын хувьсгал” хөдөлгөөн өрнүүлж байна. Нэгдүгээрт, ил задгай бие засах явдлыг бүрмөсөн зогсоох, хоёрдугаарт, нүхэн жорлонгийн асуудал байна.  Хөрс, усны бохирдол үүсгэдэг учраас хөрсөнд шингэдэг нойлын технологийг зогсоох шаардлагатай байгаа. Сум, суурин газруудыг инженерийн шугам сүлжээтэй болгон бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх байгууламжтай болгоход БХБЯ-наас  онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Сум суурин газрын дэд бүтцийг хөгжүүлэхээр зорьж байна.  Сумын төв жижигхэн сууринууд боловч инженерийн дэд бүтэцтэй боловсон нойлтой, бохирдуулсан усаа татан зайлуулж, байгальд орчинд ээлтэйгээр цэвэршүүлэх ажлыг зохион байгуулахад анхаарч байна. 2019 оны Монгол Улсын Засгийн газрын 474 дугаар тогтоолд заасны дагуу мэргэжлийн байгууллагууд сум суурин газруудаа инженерийн дэд бүтэцтэй болгох ажлыг  хариуцаж хийх учиртай.

-Нэг хэсэг Улаанбаатар хотын гэр хороолол дундуур цэвэр ус түгээх шугам тавьж байсан. Энэ ажил юу болов. Ийм аргаар цэвэр ус түгээвэл гэр хороолол хөгжих нэг үндэс болно гэсэн яриа бий?

-Ус сувгийн байгууллага төв  шугам ойрхон ус түгээх байруудад ус хүргэж байгаа. Хамгийн гол нь цэвэр ус шугамаар түгээх нь технологийн хувьд манай оронд тохиромж муутай. Жишээ нь Улаанбаатар хотын гэр хороолол дундуур цэвэр усны шугам татаж болно. Тэгээд ус түгээлээ гэхэд өвөл хөлдөх аюултай. Их л гүн хөлдөхгүй хэмжээнд шугамаа суурилуулна гэсэн үг. Бас нэг асуудал бий. Шөнийн цагаар хэрэглээгүй болно. Бохирын шугам сүлжээтэй газарт шөнө хэрэглээ бага зэрэг л гардаг. Иймд урсац байхгүй, хэрэглээгүй үед дан цэвэр ус түгээх нь эрсдэлтэй юм. Зарим аймагт улс төрчид гэр хороололд цэвэр усны шугам тавьж байна гэдэг нь тийм ч оновчтой технологи биш. Тэгэхээр гэр хорооллыг орон сууцжуулж байж л цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэх боломжтой.

-Ундны усны чанарын талаар иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа, орон сууцны айл өрх ус тасраад ирэхэд крантнаас зэвтэй ус гоождог гэсэн гомдол тасардаггүй. Үүнийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ?

-Хот, хөдөөгүй орон сууцны айл өрх ундны усны чанарт шүүмжлэлттэй ханддаг, барилгын компаниуд стандартын шаардлага хангахгүй шугам сүлжээний материал ашигладаг тал бий. Хот, орон нутагт барилга хүлээн авч буй Улсын комисс үүнд анхаарах нь зүйтэй. Бидний хувьд барилгын явцад хяналт тавих эрх зүйн орчин байхгүй. Ус тасарна гэдэг нь шугам сүлжээнд засвар хийж байна гэсэн үг шүү дээ. Засвараа хийж дуусгаад шугам сүлжээгээр ус түгээхдээ угаалга хийх ёстой. Энэ угаасан усаа бохирын сүлжээнд нийлүүлж  тухайн хоолойг цэвэрлэсний дараа хэрэглэгчдэд хүргэх учиртай. Үүнийг Ус сувгийн байгууллага анхаарах нь зүйтэй л дээ. Нөгөө талаар зэвтэй ус бол зөвхөн ус түгээх, дамжуулах ган хоолойн асуудал биш байдаг. Би дээр хэлсэн. Зарим газарт төмрийн агууламж өндөртэй ус байдаг гэж. Ийм усыг гүнээс олборлоход агаарт  исэлдээд усан дотроо зэв үүсдэг тохиолдол бий. Тэгэхээр ус олборлоод ундны стандартад нийцүүлэн шүүх процесс явагддаг юм.

Гэтэл зарим орон нутагт жишээ нь Сэлэнгэ аймагт л гэхэд олборлож буй ус нь фторын агууламж маш бага байдаг. Ийм усыг фторжуулж хэрэглэхгүй бол хүүхдийн шүдний бэхжилт, ясны сийрэгжилт зэрэг өвчин эрсдэлд оруулна гэсэн үг. Бас төмрийн агууламж бага бол бас л хүний эрүүл мэндэд эрсдэл дагуулна. Тэгэхээр тухайн орон нутаг бүрд олборлож буй усны чанар өөр өөр төвшинд яригддаг тул бид  стандартад нийцүүлж байж хэрэглэгчдэд хүргэхийг л  зорьж байна.