ХАЛААЛТ ӨГӨХ, ЗОГСООХ “МЭРГЭН ШИЙДВЭРЭЭ” ТӨР ЗАСАГ ЭРГЭЖ ХАРНА УУ

БОДЛОГО

Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2016 оны наймдугаар сарын 23-ны тушаалаар Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг есдүгээр сарын 15-наас, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Харин аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацааг аравдугаар сарын 1-нээс, дуусах хугацааг тавдугаар сарын 1-ний өдөр хэмээсэн байдаг.  Тэр л хуваарийн дагуу халаалтаа авсаар бид нэгэнт заншжээ. Мэдээж төр засгийн байгууллагууд халаалт өгөх, зогсоох  хуваарийг шинжлэх ухааны  үндэслэлтэй тогтоосон байлгүй гэж найдахаас. Гэхдээ л манайхан л болсон хойно “Судалгаа явуулахад” гэж ирээд л өөрийн үзэл бодол, хийх гэсэн ажлаа “хүчиндээд” хэрэгжүүлдэг тал бий. Наад захын жишээ нь л гэхэд “Статистикийн байгууллагаас монголчуудын сарын дундаж цалин 1.5 сая төгрөгт хүрсэн” хэмээн мэдээлэхэд л нүд нь орой дээрээ гарч гайхшаа барсан билээ.

Тэгээд “нэмэгдэл цалин хаачив хэн тоншчов” хэмээн цахим ертөнцөөр нэг эрэл сурал болсон нь саяхан. Учир нь эдийн засагчид “нийгмийн даатгалын шимтгэл төлж буй нийт ажилчдын 70 гаруй хувь нь 450-650 мянган төгрөгийн цалин авч байна”  гэсэн мэдээлэл хийсэнд оршино.  Мөн иргэд өөрсдийн сард авч буй цалин, амьдрал ахуйд нь хэрхэн хүрч буй эсэхийг хэн нэгнээр хэлүүлэлтгүй хамгийн сайн мэдэх хойно арга ч байж уу. Ийм асуудал үе үе цухалзаж бас гарч ирдэг болохоор монголчууд төр засгийн байгууллагаас явуулсан хэмээн танилцуулж буй судалгааны дүнд төдийлөн ач холбогдол өгч ойшоож үзэхгүй сэтгэлгээ бат, нот суусан гэхэд хилсдэхгүй. Халаалт өгөх, зогсоох судалгаа хийсэн байлаа гэхэд бас л ийм замаар явагдсан байж мэдэх л юм. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд улирал солигдох үе буюу намар, хаврын заагт хамрын ханиад хүрэх, насан туршийн эдгэшгүй өвчин тусах эрсдэл их байдаг. 

Энэ л улиралд нялх балчир үрс, настан буурал гээд хөгшин залуугүй жаахан гам алдаж, даарч хөрөхөд л хамраас нь нус гоожиж, хоолой сэрвэгнээд хахаж цацаад, бөгшүүлэн ханиалгадаг шүү дээ. Ийм учраас хөгшид “Ганган хүн намар, хаварт гэдэг шүү. Дулаан хувцаслаж бай. Алив галд ойртож суугаад дулаац” гэдэг билээ. Гэтэл цаг агаар хуйсагнуур ийм улиралд албан байгууллагын ажилчид гадуур хувцастайгаа өрөө тасалгаандаа суугаад байлтай нь биш дээ. Хамрын үзүүрт бөнжигнөх нусаа татаад, амны цаасанд ханайж найтайгаад суухаас өөр арга алга. Яагаад халаалтаа ингэж ялгавартай өгдөг болсныг өнөө “төрийн их судлаачид” л мэдэх хэрэг байх даа. Уг нь улс орон, эдийн засаг, хөгжил дэвшлийн гол түлхүүр нь хүн, хүний эрүүл мэнд гэдэг. Харин манайд төр засгийн шийдвэр нь иргэдэд наалдацгүй байгаа энгийн нэг жишээ нь энэ халаалт өгөх, зогсоох явдал болж байна.

Ихэнх байгууллагууд цементэн шалтай, түүн дээр өглөөний 9 цагаас оройны 18 цаг хүртэл сууж ажиллах тийм ч амар биш, за тэгээд сүүдэр харсан цонхтой бол бас л чанга шүү дээ. Сүүлийн жилүүдэд цар тахал дэлхий нийтээр тархсан энэ үед хүн болгон л хамрын ханиад хүрч хатгаа авах нь ихэссэн. Ковид тусааагүй хүн бараг үлдээгүй гэж хэлэхэд болохоор байгаа. Тиймээс ард иргэд маань ихэнх нь биеийн дархлаа суларсан, ядрангуй байна. Хаашаа ч харсан ханиалгасан, нус нь гоожсон хүмүүс. Ийм үед иргэдийнхээ  эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс  албан байгууллагын халаалтын хугацааг эргэж харж болдоггүй юм болов уу. Мэдээж халаалтаа авсан байгууллага мөнгөө төлөх нь гарцаагүй. Аравдугаар сарын 1 гэдэг хатуу дүрэм, журмын улмаас хэдэн арван хүн хүйтэн байшинд даарснаасаа болж өвдөж, эрүүл мэндээрээ хохирч байна. Тэнд өвдөж байгаа арван хүн гэртээ мөн төдий хэмжээний хүнд ханиадны халдвар тараана. Үүнтэй холбоотой иргэдийн амьжиргаа болон  халааснаас эмний мөнгө урссаар. Эм авах боломжтой байгаа нь аз гэж бодож байгаа хүмүүс зөндөө байна, эсрэгээрээ эм битгий хэл талхаа ч авч чадахгүй нь ч байгаа. Гэтэл төр засаг маань мэдээгүй царайлаад суугаад байж болох уу. Энэ намар ч одоо дүүрч хэдхэн хоноод халаалт гээч зүйлийн барааг албан байгууллагууд, түүний ажилчид харах нь.

Харин ирэх хавар бас нойтон цас, жихүүн салхитай хуйсагнуур өдрүүдэд нусаа татаад, ажил тарах болж байна уу гэсэн шиг ээ цагаа хялам хялам гэж хараад сууцгаах уу. Төр засаг халаалт өгөх, зогсоох “мэргэн шийдвэрээ” эргэж нэг харна байгаа даа.  Уг нь дулаан хэрэглэгчдийн 98 хувь нь эрчим хүчний тоолууртай холбогдсон гэж байгаа. Иймд төр засаг заавал нэг цаг хугацаа, он сар өдөр заагаад суугаад байх шаардлага ер нь байна уу. Хэрэглэгч өөрсдөө зохицуулаад, төлбөрөө төлөөд явчихаж болох байлгүй дээ.