"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр"-ийг манай улс анх удаа тэмдэглэлээ

Эдийн засаг

Төв талбай өнгөрөгч өдрүүдэд хүний хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь тэнд бүх төрлийн ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаа нь тэр. Иргэдийн хувьд  ковидоос улбаатай эдийн засгийн хүндрэлтэй энэ үед бага боловч хэрэгцээний зүйлсээ үйлдвэрийн үнэ буюу нэмэгдэлгүй үнээр авах гэж зорьж ирсэн байв.

Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургаадугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрийг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар хамтран "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ дэмжих, тэдний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ нь Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш үргэлжиллээ.   Энэ өдрүүдэд Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм. Түүнчлэн тус өдрийн хүрээнд уул уурхайн салбар, олон улсын байгууллагууд болон төрийн худалдан авах үйл ажиллагаанд ЖДҮҮ эрхлэгчид, хоршоологчид хэрхэн оролцох талаарх сургалт болно. Дэлхийн банкны судалгаагаар ЖДҮҮ-ний салбар нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг жишиг байдаг. Манай улсын хувьд тус салбар нь нийт ажил эрхлэлтийн 67.2 хувийг бүрдүүлдэг ч ДНБ-ий 18.3 хувийг эзэлж байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Харин нийслэлийн хэмжээнд ЖДҮҮ эрхлэгч 43,236 аж ахуйн нэгж  байгаа бөгөөд энэ нь улсын нийт дүнгийн 70 орчим хувийг эзэлж байна гэсэн үг. Иймээс нийслэлийн зүгээс тэднийг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ажлыг олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй. Түүнээс гадна гадаадын зах зээлд гаргахын тулд цахим орон зайд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ, АНУ, Япон Улсын зах зээлд манай улсын 170 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ цахим хэлбэрээр борлуулж байна. Цар тахлын үеийн ЖДҮҮ эрхлэгчдийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаагаар тэдний 95 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон гэсэн үр дүн гарчээ. Иймд цар тахлын дараагаар уг салбарынхан ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын үйл ажиллагааг сэргээх шаардлага бий болоод буй юм.

 Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн

“НҮБ-аас жижиг дунд үйлдвэрийн өдрийг тав дах жилдээ тэмдэглэж байна. Харин Монгол улсад эхний удаа тэмдэглэж байна. Цар тахлын дараа ч мөн хүний нөөц, тоног төхөөрөмжийн дутагдал, түүхий эдийн хомсдол, банк санхүүгийн эрсдэл гэх мэт олон бэрхшээл тулгарч байна. Гэвч бид асуудал, бэрхшээл тоочих бус, дараа дараагийн хүндрэл, гэнэтийн нөхцөл байдал тулгарахад бэлэн байж, бэрхшээлээс сэргийлэх, даван туулахын тулд олон арга хэмжээ зохиож байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа ААН-үүдийн бараа бүтээгдэхүүнийг иргэд маань үйлдвэрийн үнээр нь худалдаж авах боломж бүрдэж байгаа юм. Бас нэг онцлог нь үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт, мэдээлэл өгч байгаа явдал юм. төр бол менежер байх ёстой. Тэр ч утгаараа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэрүүнийг гадаад болон дотоод зах зээлд борлуулахад нь бодитой дэмжлэг үзүүлэн, идэвхийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар БНХАУ, Япон, БНСУ, АНУ-ын зах зээлд онлайн хэлбэрээр  170 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргаад явж байна. Үүнийгээ цааш өргөжүүлнэ” хэмээн онцоллоо.

Энэ үеэр тус үзэсгэлэнд оролцож буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, сэтгэгдлээ хуваалцлаа. Тэд үзэсгэлэнд оролцсоноор шинэ үйлчлүүлэгчидтэй болж, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах боломж бүрддэг гэдгийг онцолж байснаас гадна жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс ямар нэгэн төлбөр, хураамж авахгүйгээр энэ арга хэмжээнд хамруулж байгаад талархал илэрхийлж байв.

“TS Leather brand” савхин цүнх, жижиг үйлдвэрийг  үүсгэн байгуулагч Ц.Цэндсүрэн 

“Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа өргөтгөсөн хэлбэрээр Сүхбаатарын талбайд болж байгаа нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч нарт хоорондоо үйлчилгээ авахад үнэхээр дөхөм байна. Яагаад гэхээр төв талбай учраас хүссэн хүн бүхэн ирж бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдан авалт хийж байна. Мишээл Экспо-д болоход тэр бүр хүн очоод байдаггүй, нөгөөтэйгүүр түгжрэл ямар байдаг билээ. Ковид гээд бүх юм хоригдсон байж байгаад чөлөөтэй болж байгаа болоод ч тэр үү ёстой л наян настай буурлаас найман настай балчир хүртэл сонирхож байгаа нь их сайхан байна. Тэгээд ч төлбөр, түрээс өндөр байдаг. Энд бидэнд бараа бүтээгдэхүүнээ зарах боломжийг олгож төлбөргүй байгаа нь энэ хүнд цаг үед нүдээ олж буй арга хэмжээ болж байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Санасныг бодвол худалдан авалт сайн байна” гэв.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын   “Ноос ирээдүй” ХХК-ийн ХАБЭА хариуцсан ажилтан Н.Номин-Эрдэнэ

“Манай компани ноосыг анхан шатнаас нь боловсруулж, угааж, самнаж, түүнээс гарсан ноос ноолуураар бэлэн бүтээгдэхүүн хийдэг. Энэ үзэсгэлэн худалдаанд нэг, хоёр хүний хөнжил, нэг хүний мишок, эсгий гудастай ирж оролцож байна. Ер нь нэр төрлөө өргөжүүлээд нэлээн олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцсоноор компани болон бараа бүтээгдэхүүнээ танилцуулахад их нэмэр, тустай байдаг. Мэдэхгүй хүмүүс нь мэдэж авч, мэддэг нь бараа бүтээгдээхүүнээ зорьж ирж авч байна. Малын боловсруулсан ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг учраас ямар ч үнэр танар, харшил өгөх асуудал байхгүй эко бүтээгдэхүүн учраас их эрэлттэй байна. Худалдан авагчдын хувьд ковид гэх  айх айдасгүй,  амар тайван байх шиг байна. Худалдаа эрхлэгчдийн хувьд түрээс, төлбөр гэхгүй нь бас нэг онцлог болж байна.  Энэ жилийн экспо сайхан болж байна” гэж үйл ажиллагаандаа их сэтгэл хангалуун буйгаа хэллээ.

Дундговь аймгийн “Хан дээж” ХХК-ийн захирал Ж.Баярхүү

“Монгол улсын хэмжээнд гумины бордоо, малын эрдэст тэжээлийг үйлдвэрлэж байна. Эд маань бүгд цэвэр байгалийн эко бүтээгдэхүүн бөгөөд үйлдвэрлээд  хоёр жил болж байгаа. Монголын тариаланчид болон малчид ихэнх нь хэрэглээд үр шимийг нь үзсэн гэж хэлмээр байна.  Энд ирснээр бүтээгдэхүүнээ мэдэхгүй хүмүүст таниулахаас гадна борлуулалт ч нэлээн их байна. Малын тэжээлээ бид шингэн хэлбэрээр үйлдвэрлэж байгаа, нэг тонн усанд нэг литрийг  хийж хавар муудсан малаа услахад  дороо л сэргэдэг. Түүнчлэн малын тарга тэвээрэгт ч их сайн нөлөөтэй. Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг газар тариалан болон малд хэрэглэснээр ямар нэгэн химийн хор нөлөө гарах болов уу гэж болгоомжлох зүйл үгүй. Учир юу гэвэл цэвэр байгалийн гаралтай эко гэдгийг би дахин дахин хэлмээр байна. Энэ үзэсгэлэнг зохион байгуулж байгаа газруудад баярласнаа илэрхийлмээр байна. Бас нэг зүйл хэлэхэд ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан бага хуутэй зээлийг  яг хэрэгцээт бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэн, ААН-үүддээ эзнээ олж  хурдан, шуурхай шийдэж өгөөсэй л гэж хүсч байна. Манай бүтээгдэхүүн эхнээсээ гадаад оронд чанар нь танигдаж эхэлж байна. БНАГУ, БНСУ-аас авья гэсэн санал, захиалгаа ирүүлсэн. Иймээс манай хамт олон экспортын үйлдвэр болоход их ойртсон гэж хэлж болно” гэж ярив.

Ийнхүү дөрвөн өдөр хүний хөл хөдөлгөөнөөр дүүрэн байсан үзэсгэлэн худалдаа өнөөдөр дуусна. Энэ жилийн хувьд иргэд, ААН аль аль нь сэтгэл өндөр байна. Учир нь үйл ажиллагаа төв талбайдаа болсноор ийшээ тийшэ түгжрэл гэж санаа зовохгүй нөгөөтэйгүүр түрээс, төлбөр аваагүй гэдэг нь бас нэг том дэмжлэг боллоо гэдгийг оролцогчид дуу нэгтэйгээр онцолж байсан юм.